Эхлэл Эдийн засаг Нийл Сакер: Өндөр орлоготойд их татвар ногдуулдаг системийг нэвтрүүлэхийн төлөө ажилласан

Нийл Сакер: Өндөр орлоготойд их татвар ногдуулдаг системийг нэвтрүүлэхийн төлөө ажилласан

39
0

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар манай улсад хэрэгжих гэж буй “Өргөтгөсөн Санжүүжилтийн Хөтөлбөр”-ийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болж, уулзалтын дараа талууд албан ёсоор мэдээлэл өгсөн юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уулзалтын ерөнхий агуулгын талаар “Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн тодорхой заалтуудыг зөрчиж, дангаараа хөтөлбөрийн нөхцлүүдийг ОУВС-тай тохиролцож, УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг батлууллаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний дийлэнх олонх нь дэмжиж шийдвэр гаргасан.

Тэгэхээр МҮЭХ-ноос ОУВС-гийн төлөөлөгчдийг урьж өөрсдийн байр суурь, иргэд хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалалт сөрөг нөлөө үзүүлэхүйц татвар, шимтгэл, авах арга хэмжээний талаар дахин ярилцаж, албан тоотоор гардуулж өглөө.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэрээ гарахад нь өнөөдрийн уулзалтын зорилго чиглэгдэж байна. Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаанд зөв хэрэгжих ёстой. Хэрэв энэ байдлаараа эцэслэн батлагдах тохиолдолд хөтөлбөр зөв зүйтэй хэрэгжихэд МҮЭХ ОУВС-тай хамтран ажиллахаар тохиролцлоо” гэсэн юм.

Уулзалтын дараа ОУВС-гийн суурин төлөөлөгч Нийл Сакераас товч тодруулга авлаа.

ОУВС-гийн хөтөлбөрт заавал долоон төрлийн татвар нэмэх зэргээр хатуу арга хэмжээ авч элсэх ёстой юу. Энэ хөтөлбөрийн үр дүн нь юу вэ?

ОУВС-гийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтворжуулахад оршиж байгаа. Ингэснээр цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хангаж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

-Долоон төрлийн татвар нэмэхийг иргэд ихээр эсэргүүцэж байгаа. Үүнийг ОУВС хэрхэн харж байна вэ?

Монгол Улсын төсвийн алдагдал маш өндөр түвшинд байгааг та бүхэн мэдэж байгаа. Төсвийн алдагдал өндөр байгаагаас болж Засгийн газар их хэмжээний зээл авч алдагдлаа санхүүжүүлэх шаардлагатай. Зээлийнх нь өртөг өндөр байгаагаас өрийн үйлчилгээний төлбөр жилийн жилд нэмэгдээд явна. Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруун дээрээ үүрэх нь ойлгомжтой.

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд юуны түрүүнд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цомхотголын асуудал огт яригдаагүй. Мөн нийгмийн халамжийг бууруулах асуудал яригдаагүй.

Татварын хувьд НӨАТ-ыг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчимтай. Учир нь НӨАТ хамгийн өргөн хүрээнд үйлчилдэг учраас зайлсхийсэн. Харин өндөр орлоготой хүмүүст илүү их татвар ногдуулдаг системийг нэвтрүүлэхийн төлөө бид ажилласан.

-Төсвийн тодотгол батлагдсан. Нийгмийн зарим хэсэг нийгмийн даатгалын шимтгэл нэмэх зэрэг зарим арга хэмжээнд эргэлзэж байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар маргаантай байгаа асуудлуудыг эргэж харах боломжтой юу?

Нийгмийн даатгалын систем төлбөрийн чадваргүй болчихсон байгаа. Жил бүр төсвөөс Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа татаасын хэмжээ нэмэгдсэн. Цаашид энэ татаасыг төсөв үүрч гарах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа учраас хувь хэмжээ болон тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг нэг өдөр биш ойрын хэдэн жилийн дотор хэрэгжүүлнэ.

-Монголын эдийн засаг хамгийн ойрхондоо хэзээ сэргэж эхлэх хүлээлттэй байна вэ?

Монголын эдийн засгийн сэргэлтэд өндөр хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл уул уурхай, хөдөө аж ахуйн өсөлт ажиглагдаж байна. Сүүлийн үед эдийн засагт итгэх итгэл сэргэж, төгрөгийн ханш тогтворжиж эхэллээ.

Энэ жилийн тухайд өсөлт харагдахгүй ч дараа жилээс өсөлт бий болно. Итгэл сэргэсэн учраас илүү олон салбарт хөрөнгө оруулж, олон ажлын байр нэмэгдэнэ.

-Засгийн газар нөхцөл байдлыг ашиглаад ОУВС-тай тохироогүй татваруудыг нэмсэн гэж сөрөг хүчин үзэж байгаа. Ийм зүйл болсон уу?

Сая батлагдсан төсвийн тодотголд ОУВС, Засгийн газрын тохиролцсон бүх арга хэмжээ тусгагдсан гэж бодож байна. Цаашид төсвийн алдагдлыг бууруулах гол зорилготой байгаа. Үүнтэй холбоотой төсвийн орлого, зарлагыг тэнцвэртэйгээр авч чадсан.

-5.5 тэрбум ам.долларын зээлийн эхний хэсэг хэзээнээс орж ирэх бол?

-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Азид Монгол Улсыг дэмждэг орнуудыг татан оролцуулж нийт 5.5 тэрбум ам.долларыг босгосон. Дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын хөтөлбөрийг баталгаажуулсны дараа энэ санхүүжилт үе шаттайгаар орж ирнэ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here