Эхлэл Нийгэм Телепатологийн микроскопоор өдөрт 60-80 шинжилгээ унших боломжтой

Телепатологийн микроскопоор өдөрт 60-80 шинжилгээ унших боломжтой

78
0

Эмгэг судлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах теле хурал боллоо.

Хурлын үеэр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Монголд хийгдсэн шинжилгээ бусад оронд очоод үзүүлэхэд яагаад оношийн зөрүү гардаг вэ? Энэ л асуудлыг шийдэхэд өнөөдрийн теле хурлын ач холбогдол оршино. Манай салбарын гол суурь судалгаа, хөгжил дэвшил болсон эмгэг судлалыг хөгжүүлэх нь чухал. Тийм ч учраас Эмгэг судлалын үндэсний төвд өнгөрсөн 11 дүгээр сард хамгийн сүүлийн үеийн, өдөртөө 60-80 шинжилгээ унших хүчин чадал бүхий телепатологийн микроскоп авч өгсөн.

Энэ нь нэг удаа 4 слайд зэрэг уншиж, интернэтээр хүссэн газартайгаа холбогдон саналаа солилцож, эцсийн оношийг тавих боломжийг бүрдүүлсэн том алхам болсон гэв.
Уг хуралд 21 аймгийн эмч, эмнэлгийн дарга нар, нийслэл болон ЭМЯ-ны харьяа эмнэлгийн удирдлагууд, эмч нар оролцлоо.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.
Тус хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 4 зорилт 31 үйл ажиллагааны хүрээнд 2017-2020 онуудад хэрэгжүүлнэ. Улс орон даяар 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 40-65 насны иргэдийн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах юм. Цаашид үе шаттайгаар бүх иргэдээ хамруулах зорилттой байгаа гэв.

Уг хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцооллоо.

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил үргэлжилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг байгуулахаар боллоо. Тус эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхэлнэ.

ҮОЭТ-ийг байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн барилгын явцыг хэлэлцэн, төслийн гүйцэтгэгч, зохицуулагч нарт хугацаатай үүрэг өгч, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг даалгалаа. Тус төв ашиглалтад орох хүртэл гэрээ ёсоор 18 сар үлдсэн байна.

Энэхүү ҮОЭТ ашиглалтад орсноор дэлхийн жишигт нийцсэн цөмийн жижиг үйлдвэр мөн ашиглалтад орж хавдрын тархалтыг тодорхойлдог болох юм. Энэхүү ҮОЭТ-ийг байгуулах төсөл нь МУ-ын хүн амын өсөлттэй холбогдон гарч буй бодит эрэлтэд тулгуурлан олон нийтэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй, үзүүлэх, гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчтөнүүдийн тоо болон эрүүл мэндийн нийт зардлыг бууруулах зорилготой юм.

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Син Хаймин-ыг хүлээн авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Манай хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд халдварт өвчний талаар харилцан туршлага солилцох, урьдчилан сэргийлэх; анхан шатны тусламж үйлчилгээ болон эх, хүүхдийн эрүүл мэнд; уламжлалт анагаах ухаан; анагаах ухааны сургалт болон эрдэм шинжилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн юм.

Эрүүл мэндийн салбартай хамтран ажилладаг гадны түнш байгууллагууд хуралдлаа

“Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөл”-ийн хурал болж, МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Эрүүл мэндийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдуулах, хэрхэн хамтарч ажиллах талаар асуудлуудыг хэлэлцлээ.

Тус хурлыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, МУ-ын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд та бүхний туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Эрүүл мэндийн салбарын засаглалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн болон, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, салбарын мэдээллийн технологи, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын улс, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 20 орчим томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн болоод бусад үр ашгийг дээшлүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хоорондын уялдааг сайжруулах зорилгоор бид  энэхүү хурлыг зохион байгуулж байна гэв.

СХДЭМТ-ийн Баянхошуу салбарын сантехникийг шинэчилнэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ бүтэн сайн өдөр СХДЭМТ-ийн Баянхошуу салбарын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Эмнэлгийн барилга олон жил болсон, сантехникийн шугам хоолой хуучирсан, халуун усгүй гэдгийг эмч, үйлчлүүлэгчдийн зүгээс дуулгасны дагуу Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст уламжлан, халаалт, дулаан, сантехникийн асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.

Тус амбулатори нь 1985 онд ашиглалтад орсон бөгөөд нарийн мэргэжлийн 12 кабинет, лабораторийн 8 төрлийн шинжилгээ, 4 төрлийн оношилгоог хийж, нөхөн сэргээх эмчилгээ, ахмадын тасагтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

СХД-ийн зарим хорооны иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн ЗД-ын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс СХД-ийн 7, 9, 24, 25 дугаар хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын хэмжээнд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийж, эмчилгээний зардлыг улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон; Гемодиализ эмчилгээний зардлыг төр хариуцаж байгаа; Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх хагалгааны зардлыг мөн төрөөс хариуцдаг болохоор Засгийн газрын шийвэр гарсан зэргийг дуулгаад иргэдийн хүсэлтийн дагуу эмчилгээ, үйлчилгээг нь сайжруулах зорилгоор СХДЭМТ-ийн Баянхошуу салбарын сантехникийн асуудлыг нь шийдвэрлэхээр болсон юм.

Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын түвшинд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндээс гадна боловсрол, нийгмийн хамгаалал, зам тээврийн чиглэлийн асуултыг илүү асууж, мэдээлэл авсан юм.

Монгол Улс нэг гавьяат сувилагчтай

“Эгэл жирийн энгүй ачтан” ахмад сувилагчдын төлөөллийг алдаршуулах хүндэтгэлийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож, олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.

Манай улс нэг гавьяат сувилагчтай бөгөөд тэрээр одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэгч сувилагчаар ажиллаж байжээ. Г.Өөдөс нь 1990 онд “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан бөгөөд өдгөө 85 насыг наслаад байна. 

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж, гүйцэтгэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн үе үеийн ахмад сувилагчдын төлөөллийг “Монголын ахмад сувилагчдын холбоо”-оос алдаршуулан, хүндэтгэл үзүүллээ.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here