Эхлэл Улс төр Д.Хаянхярваа: Хэн ч намын даргад өрсөлдөх эрхтэй

Д.Хаянхярваа: Хэн ч намын даргад өрсөлдөх эрхтэй

503
0

УИХ дахь МАН-ын бүлэг  хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр болон цаашид Засгийн газар байгуулахад бүлгийн гишүүдийн санал бодлыг сонсов.

УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид нэгдсэн байр  суурьт хүрч чадлаа. Эв эеэ олж, өмнөх асуудлуудад маргах биш урагшаа харж ажиллая гэдэгтэй санал нэгдлээ. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, Засгийн газрын гишүүдийг ямар шалгуураар сонгох талаар олон гишүүн санал хэлсэн. Саналуудыг нэгтгээд есдүгээр сарын 25-нд болох Бага хуралд бүлгийн гишүүдийн хэлснийг анхаарах талаар санал бодлоо солилцлоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бага хурлын товыг зарласан. Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулж, УИХ-ын намрын чуулганы эхний өдөр батламжилна. Үүний дараа аравдугаар сарын эхний арав хоногт Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлаа хэлэлцэх зарчмын шийдэлд хүрснийг бүлгийн гишүүдэд хэлсэн. Нийгэмд МАН хоёр хуваагдаж, ан цав үүслээ гэсэн мэдээлэл их гарсан. Ийм зүйл байхгүй гэдгийг манай бүлгийн гишүүд тодорхой хэлж байгаа. Мэдээж бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрыг огцруулах, эс огцруулах асуудлаар үндсэндээ бүлгийн гишүүд хуваагдаж саналын зөрүүтэй байсан. Энэ бол манай бүлгийн хувьд шийдвэр гаргахад амаргүй асуудал байлаа. Засгийн газрыг орцруулах асуудал нь манай бүлэг, намыг хагаралдуулж байгаа асуудал биш. Бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь Засгийн газарт хариуцлага тооцох ёстой, нөгөө хэсэг нь цаашид Засгийн газраа дэмжиж ажиллах, улмаар чадваржуулах хэрэгтэй гэх саналд бид ойлголцсон. Цаашид УИХ дахь МАН-ын бүлэг дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулна” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газрыг байгуулахдаа бүлгийн гишүүд ямар зарчмыг баримтлах ёстой вэ. Сайдуудыг УИХ-аас хэдийг нь томилно зэрэг тодорхой асуудлуудыг хэлэлцсэн үү. Намын даргыг хэзээ томилох вэ?

-Намын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг яг эцэслэн гаргаагүй байна. Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлаа эцэслэнэ. Ерөнхий сайдын асуудлыг Бага хурлаар шийднэ. Бага хурлын өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж, намын Их хурлыг намын дүрмэнд тусгасны дагуу Бага хурлаас зарладаг. Бага хурлаас 45 хоногоос цаашгүй хугацаанд хуралдуулах заалттай. Тиймээс есдүгээр сарын 25-нд намын Их хурлыг хэзээ хуралдуулах тов гарна. Ингээд Их хурлаар МАН-ын даргыг сонгох, улмаар намын удирдлагуудыг шинээр сонгох асуудлыг шийднэ. Бүлгийн гишүүдийн хувьд Засгийн газрыг бүрдүүлэхэд гаднаас, дотроос гэдэгт голлож яриагүй. Сайдуудад ямар шалгуур тавих вэ гэдэг асуудлыг ярилцсан. Ер нь Засгийн газрын тэргүүн, гишүүдэд ямар шалгуур тавих талаар гишүүд нэлээд санал хэлсэн. Тухайн сайд салбартаа хэдэн жилийн дадлага туршлагатай ажилласан зэргээс хамаарч чадварлаг хүмүүсийг томилох талаар бүлгийн гишүүдийн дийлэнх нь санал хэлсэн.

-Намын дарга нь Ерөнхий сайд болох уу?

-Одоохондоо бид үүнийг яриагүй. Мэдээж Ерөнхий сайдыг есдүгээр сарын  25-нд тодруулна. Дараа нь Их хурлаар хэн ч намын даргад өрсөлдөх эрхтэй. Тиймээс одоо гарч байгаа Ерөнхий сайд заавал намын дарга байна гэдэг асуудлыг хэлж чадахгүй. Яагаад гэвэл үүнийг намын Их хурлаар шийддэг.

-Засгийн газрыг огцруулснаар ургац хураалт, өвлийн бэлтгэл ажил алдагдаж байгаа юм биш үү?

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хүндрээд байна гэдэг асуудал яригдаж байна. Гэхдээ одоо сайд нар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа учраас Засгийн газар ажлаа бүрэн гүйцэд хийгээд явж байна. Цаг нь тулгамдсан асуудлыг Засгийн газар шийдээд явна. Ер нь Засгийн ажлын залгамж шинж чанар алдагдахгүй.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here