Эхлэл Нийгэм “Гар нийлэх”-ийн гавьяа их

“Гар нийлэх”-ийн гавьяа их

447
4

Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй бол монголчуудыг тэжээж буй салбар.  Ялгаагүй тариаланчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бол амаараа биш гараараа хөдөлмөрлөж “алт ургуулдаг” хүмүүс гэдэгтэй маргах нь үгүй биз. Ёстой л гадаа гандаж, хөдөө хөхрөн байж тариа буудай, хүнс ногоо, мал махаа бэлтгэдэг. Хамгийн гол нь тэд төрд дарамт болох нь ховор, харин бэлтгэсэн бүтээгдэхүүнээ дотоод хийгээд гадаадад борлуулахдаа л төрийн “гар” харж царайчилдаг. Өөрөөр хэлбэл, салбарын яам нь сайн менежер хийгээд өгвөл хөдөө аж ахуйн салбар хөл дээрээ өндийж, дотооддоо төдийгүй гадаад зах зээлд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн борлуулж, улс орны эдийн засагт том тус хүргэх онцгой салбар юм.

Иймдээ ч энэ салбар, яамны удирдлагууд үргэлж л хэл аманд өртөж, сайнаасаа илүү муулуулж байдаг нь нууц биш. Харин Шинэчлэлийн Засгийн газрын үед томилогдсон П.Сэргэлэн сайдыг овоо дөнгүүр юм гэдгийг салбарынхан нь шивэр авир гэлцэж байв.

Ерөнхийлөгч хүртэл сайдуудаас хамгийн түрүүнд түүнтэй уулзаад “ХХААХҮ-ийн сайд хаа очиж ажлаа мэддэг хүн шиг санагдсан. Хийж байгаа дүгнэлт, ирүүлж буй мэдээнээс нь харагдсан шүү” гэсэн. Үүнээс нь харахад төрийн тэргүүн П.Сэргэлэн сайдад “онц” дүн тавьж, түүнийг үнэлээд амжсан хэрэг. Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд салбарын жаргал, зовлонг мэдэх хүн. Иймдээ ч П.Сэргэлэн сайдын ажилдаа хандах хандлагыг нь үнэлсэн нь тэр биз ээ. Хэдийгээр Засгийн газар огцорч, одоо тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хэдий ч шүлхийн голомтыг дарахаар өдөр шөнөгүй ажиллаж, гэрээ хэлцэл хийн вакцин оруулж ирэхээр болсныг мөн хэвлэлүүд онцолсон байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь тендер зарлаж хугацаа алддаг байсан шүлхийн вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас оруулж ирэхээр болжээ. Эндээс П.Сэргэлэн сайд “аппарат”-аа тун сайн бүрдүүлжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Дэд сайд Ж.Сауле 2008-2012 онд Үйлдвэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагч. Дэд сайд Ж.Саулег тухай үед ажиллаж байхад зүүн аймгуудад шүлхийн голомт сэдэрч, цагийн байдал нэлээд хүнд байв. Энэ үед тэрбээр цонхны цаанаас биш газар дээр нь 3 сар ажиллаж эмэгтэй хүн битгий хэл эрчүүдээс дутахгүй эр зориг гарган ажиллаж байснаараа сайшаагддаг.  Өөрөөр хэлбэл, тэрбээр ган зуданд “гал алдах”-ааргүй туршлага хуримтлуулсан байх учиртай. Энэ туршлагаараа П.Сэргэлэн сайдад салбарын ажлаа урагшлуулахад дөхөм болж байна. Мөн тэрбээр 2013 онд олон нийтийн онлайн санал асуулгаар 300 гаруй мянган хүний саналаар оны шилдэг улстөрч эмэгтэйгээр тодорч байв даа. МАН-ын дарга, нарийн бичгийн зөвлөх гээд улс төрийн ч арвин туршлагатай нэгэн.

За харин, “Гар нийлэх”-ийн гавьяа их хэмээхийн учир нь П.Сэргэлэн сайдын аппаратынхан мах экспортыг 3-4 дахин өсгөж чадлаа. Үүнийг мах бэлтгэн нийлүүлэгчид төдийгүй малчид сайшааж эхэллээ. Мал аж ахуйн салбар “өндийж” эхэллээ гэх нь ч бий. Гурван сая хүн амтай монголчууд 60 сая тоо толгой малтай болсноо гайхдаг. Сүүлдээ ад шоо үзэхдээ тулж байлаа шүү дээ. Бэлчээр доройтож, мал давжаарлаа, цөлжлөө хэмээж байв. Тэгвэл энэ Засгийн газрын үед “Мах, сүүний аян”-ыг амжилттай зохион байгуулж, одоогоор Хөвсгөл аймагт хуурай сүүний үйлдвэр, цаашлаад 60 гаруй суманд сүүний жижиг үйлдвэрүүдийг байгуулахаар тоног төхөөрөмжөө угсарч байна.

Харин мах экспортын тухайд 45 улсад мах экспортлох боломжтой болсныг дуулгасан. Тодруулбал, мах экспортлох ажлын хүрээнд Вьетнам Монголын Засгийн газрын хуралдаанаар ямааны гүн хөлдөөсөн мах экспортлох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ ажлын хэсгийг хоёр орны яамдын дэд сайд нар ахалж ажиллаж байна. Цаашлаад Иран, Турк зэрэг орнууд малыг амьдаар нь авахыг хүсчээ. Гэхдээ манай улсын бодлого малыг амьдаар гаргах биш дахин боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн байдлаар гаргахыг эрмэлзэж байгаа. Мэдээж мах экспортлохын тулд малаа эрүүл байлгаж,  хил гааль дээр орчин үеийн шаардлага хангасан ариутгалын төхөөрөмжийг тавих ёстой. Агаар дуслын замаар малын өвчин халддаг учраас хил дээр мал, хүнийг ч давхар ариутгах шаардлагатай тулгарна. Малын эмч болон мал нядалгааны багийнхныг  олон удаагийн давтан сургалтад хамруулж бэлтгэх ажил  тулгамдсан асуудал болоод байна.

Гэхдээ эмч нарын мэдлэгийг буруутгаагүй юм шүү. Баруун аймгуудад гарсан мялзан өвчинтэй 30 хоног тэмцээд зогсоосныг дэлхийн экспертүүд сайшааж байсан удаатай.

Манай улсын хувьд мал төхөөрөх 50 гаруй үйлдвэртэй юм байна. Махны үйлдвэрлэл зогсонги байдалтай байснаас үүдэн техник төхөөрөмж муудсан, шинэчлэх шаардлагатай болоод байгаа юм байна. Мах бэлтгэн нийлүүлэгчид ХХААХҮЯ-ны даалгавраар гаднын улс, орон руу экспортлох махны хэмжээ, тооцоог хийсэн байна. Араб улс долоо хоногт 4000 тонн мах авахаар захиалсан. Гэтэл яаж ч хүчээ шавхаад, одоо ажиллаж байгаа үйлдвэр дээр цаашдаа ажиллуулах боломж, нөхцөлтэй үйлдвэрээ нэмж тооцохоор долоо хоногтоо 1500 орчим тонн мах л бэлтгэх боломжтой гэнэ. Хэрэв долоо хоногт энэ төлөвлөгөөгөөр мах бэлтгэж чадвал Монголд байхгүй амжилт, үзэгдээгүй экспорт болохыг онцолж байна. Өнөөдрийн байдлаар хоёр л үйлдвэр мах экспортолж байна. Цаашдаа мах экспортод гаргах зорилготой үйлдвэрүүдтэй Иран улсаас гэрээ, хэлцэл хийж мах бэлтгэх үйлдвэрээ газар дээр нь шалгаж үзэх ажил үргэлжилж байна. Мөн Хятадын шинжээчид энэ сарын 21-нд ирж махны бүх үйлдвэртэй танилцана. Тэд аль үйлдвэрээс түүхий, альнаас нь дулааны боловсруулалттай мах авах вэ гэдгээ шийдэх юм байна. Ингэснээр махны үйлдвэрүүд энэ жил “өндийж” эхлэх нь. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн Засгийн газрын үед хөдөө аж ахуйн махны үйлдвэр, махны экспортод шинэ, дэвшилт, үр дүн гарч буйн илрэл нь энэ. Тэгэхээр шинэ байгуулах Засгийн газрыг салбар яамдын сайд нарын хэн нь юу хийснийг харгалзаж томилох нь улс орны хөгжилд эерэгээр нөлөөлөх учиртай.

Хуваалцах

4 Сэтгэгдэл

  1. Тйим шүү, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн салбараа мэддэг хүн байна лээ. Хэд хэдэн хэлэлцүүлэг хуралд оролцож байхыг нь харсан. Уяач энэ тэр нь хамаагүй шүү дээ. Ажил хийдэг л хүн байх хэрэгтэй

  2. Их ажил хэрэгч хүн байсан шүү. Дахин томилохыг дэмжиж байна

  3. Ж.Сауле дарга шударга, голтой хүн дээ. Ямар ч хүнтэй хамтарч ажиллаж чадна. Эмэгтэйчүүдийн холбоонд байхын мэднэ.

  4. Сауле сайд ямарч хүнтэй гар нийлж ажилладаг. Дайчин бүсгүй гэдгийг бүгд мэднэ. Сэргэлэн ч гэсэн улстөрд асар богино хугацаанд сайн өсөж байгаа . энэ хоёр шиг бусад яам ажилласаай билээ

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here