Эхлэл Дэлхий Ангела Меркель дөрөв дэх удаагаа Германы канцлерь боллоо

Ангела Меркель дөрөв дэх удаагаа Германы канцлерь боллоо

458
0

Ням гарагт болж өнгөрсөн парламентийн сонгуулиар Ангела Меркелийн консервативууд ялж, түүнд дөрөв дэх удаагаа Герман улсыг удирдах эрх олголоо.

Мөн энэ сонгуулиар дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа хэт барууны үзэлтэй улс төрийн хүчин парламентад суудалтай болсон байна.

Өнгөрсөн онд Британичууд Европын Холбооноос гарах сонголт хийж, АНУ-д Дональд Трамп ялсны дараа олон хүн Меркелийг өрнөдийн либерал ертөнцийн гол удирдагч, Brexit-ээс хойш Европыг авч явах хүн хэмээн итгэл найдвар тавьж байсан юм.

Хэдийгээр тэр канцлерийн суудлыг авах нь тодорхой болсон ч засгийн газраа бусад хүчинтэй эвсэж байгуулах хүнд сорилттой тулгарч байна.

Меркелийн нам 32.5 хувийн санал авч, парламентийн хамгийн том улс төрийн хүчин болсон ч 2013 оны сонгуулиар авч байсан 41.4 хувийн саналаа нэлээд хэмжээгээр бууруулаад байгаа юм.

Тэдний араас зүүн төвийн үзэлтэй Социал Демократууд 20 хувийн саналаар удаалсан нь дайнаас хойш хамгийн доод үзүүлэлт нь ажээ.

Харин хэт барууны үзэлтэй AfD (Alternative for Germany) нам 13.6 хувиар гуравдагч хүчин болсон нь дайнаас хойшх түүхэнд анх удаа парламентад суудал авсан тохиолдол болж байна.

Нам нь ялснаар Меркель Европын хамгийн удаан төр барьсан удирдагч нарын нэг болж, Германыг нэгтгэсэн, түүний улс төрийн зөвлөх асан Хелмут Коль, Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германыг сэргээн босгосон Конрад Аденауэр нарын араас дөрвөн удаа канцлериар ажилласан хүн болж байгаа юм.

Социал Демократууд энэ удаа сөрөг хүчин болж ажиллахаа илэрхийлээд байгаа. Ингэснээр Меркельд бусад жижиг улс төрийн хүчнүүдтэй эвсэж, засгийн газар байгуулах даалгавар ирж байна.

Энэ жил 63 настай Меркель ийм олон намын оролцоотой парламентийн үед засгийн газрыг дөрвөн жил удирдахаар болсон нь түүний дүрвэгчдэд нээлттэй бодлогооо 2015 онд зарласны шийтгэл гэхэд болно.

Европын нэгдлийг эсэргүүцдэг байгууллагууд AfD намыг 2013 онд байгуулсныхаа дараа удалгүй парламентад орж ирсэн нь Меркелийн нээлттэй бодлогын сөрөг үр дагавар юм.

Ийнхүү дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нэг хэвийн уур амьсгалтай явж ирсэн Германы улс төрд шинэ эрин эхэлж байна. Ангела Меркель хэдийгээр дөрөв дэх удаагаа канцлерийн суудалд суух болсон ч урьд өмнө тохиолдож байгаагүй ээдрээтэй нөхцөл байдал түүнийг хүлээж байна.

Зарим хэвлэлүүд, улс төрийн шинжээчид Меркелийг ялах, ялагдахыг нэг дор үзүүллээ гэж дүгнэж байгаа юм.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here