Эхлэл Social ИНДЭР Цаазын ялыг сэргээвэл Европын холбооноос том сануулга ирнэ

Цаазын ялыг сэргээвэл Европын холбооноос том сануулга ирнэ

37
0

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх, хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Мандахбилэг “ХБГУ-ын Үндсэн хуулиар зохицуулсан төрийн тогтолцооны туршлагаас Монгол Улсад хэрэгжүүлэх боломж” сэдэвтэй илтгэл тавьсан юм. Илтгэлийн дараа түүнтэй ярилцсанаа хүргэж байна.  

-1949 оноос хойш орчин үеийн ардчиллыг хөгжүүлсэн, парламентын засаглалтай жишиг улс ХБНГУ-ын 1990 оноос хойшхи Монгол Улстай харьцуулсан үндэслэлүүд, туршлагаас сонирхолтой илтгэл тавилаа. Германы Үндсэн хуульд тусгагдсан байсан томоохон дутагдалтай талаас болоод фашистууд Засгийн эрхэнд гарах боломж бүрдсэн гэлээ. Ийм нөхцөл байдал Монгол Улсад ч бүрдэх боломжтой талаар ярьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Ваймерын Бүгд найрамдах улс 1919 оны анхны Үндсэн хуульд огцруулах “деструктив олонхийг” парламентад амархан бүрдүүлж, харин тогтвортой Засгийн газрыг дэмжих “Бүтээлч олонхийг” намууд бүрдүүлж чаддаггүй байсан. Үүний улмаас  олон жижиг намууд парламентад сонгогдож, намууд улс төрийн хариуцлагагүй тоглолт хийж Засгийн газруудаа огцруулдаг байсан. Үүнийг 1949 оны Үндсэн хуулиар өөрчилж хэрвээ Засгийн газраа огцруулсан бол дараагийн Засгийн газраа хамт томилдог механизмыг оруулж ирсэн.  Нэг үгээр хэлбэл, парламент нь Засгийн газраа огцруулах болон, дараа нь томилох Засгийн газраа ч хамтад нь сонгоод нэг кноп дардаг. 1949 оны Үндсэн хуулиараа Герман улс Засгийн газаргүй, эсвэл үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байх эрхзүйн боломжийг бүрэн хаасан байдаг. Засгийн газраа зөвхөн огцруулдаг бус бүтээлч хариуцлага хүлээлгэдэг тийм систем рүү шилжсэн. Үүнээс хойш буюу 1949 оноос хойш Герман улсад Засгийн газраа парламент нь огцруулдаг явдал байхгүй болсон гэж үздэг. 1919 оны үеийн Герман улс төрийн тогтолцоо өнөөгийн Монгол Улстай, тэр дундаа улс төрийн намууд нь талцаж Засгийн газраа огцруулдаг байдалтай адилхан байгаа юм. Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд  Засгийн газраа зөвхөн огцруулдаг бус бүтээлч хариуцлага хүлээлгэдэг эрхзүйн системийг тусгаж өгөх хэрэгтэй юм.

-Парламентын засаглалтай орнуудад Ерөнхийлөгчийн эрх үүргийг хэрхэн хуульчилсан байдаг вэ. Германы туршлагаас Монголд хэрэгжүүлэх ямар боломж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг нэлээд хумьсан байгаа шүү дээ. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Германд Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байж, Засгийн газрын тэргүүний томилгоонд чөлөөтэй оролцдог байсан. Гэтэл энэ нь парламентыг буюу улс төрийн намуудыг хариуцлагаас зугтах боломжийг бий болгосон байгаа юм. Тиймд 1949 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгож, эрх мэдлийг нь хумьж билэгдлийн шинж чанартай болгосон байдаг. Төрийн тэргүүнийг Германы хуульчид “нотариатч”-тай адил гэж харьцуулдаг. Засгийн газар парламентын хууль ёсны аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрч, зөвхөн батламжлах үүрэгтэй. Олон нийтэд хандаж хэлэх албан ёсны үгээ хүртэл Засгийн газраар зөвшөөрүүлдэг.  Гэтэл манай улс парламентын засаглалтай орон мөртлөө Ерөнхийлөгчийн бүрэн эрх дэндүү их байдаг. 1991 онд манайд ирсэн германы хоёр хуульч “Torsten Stein”, “Theodor Schweisfurth” нар тухайн үед зөвлөхдөө парламентын засаглалтай Бүгд найрамдах улсыг сонгож авч байгаа бол Ерөнхийлөгчийг ард нийтийн санал асуулгаар шууд сонгох нь буруу, хожим эрх мэдлийн төлөөх тэмцэл маргаан үүснэ гэж хэлж байсан. Парламентын засаглалтай улсад “Хаан” эсвэл Ерөнхийлөгч нь билэгдлийн шинж чанартай байдаг тул Засгийн газрынхаа “гал тогоо”-нд орж хутгалдах эрхгүй байдаг. Манайх үнэхээр парламентын засаглалтай орон мөн бол одоогийн Ерөнхийлөгчийн эрхийг хумих хэрэгтэй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа. Мэргэжлийн хүний зүгээс үүнд ямар байр суурьтай байна вэ. Цаазын ялыг сэргээснээр сөрөг нөлөөлөл нь юу байх вэ? 

-Гэмт хэргийн золиос болж, хохирсон хүмүүсийн байр сууринаас авч үзэхэд үндэслэлтэй мэт боловч төвийг сахисан төрийн хүний хувьд хэт нэг талыг барьсан шийдвэр болов уу гэж харж байгаа. Тухайн хэргээс болоод хохирогч болон түүний гэр бүл ах дүү төрөл төрөгсөд гээд маш олон хүн хохирчихсон байхад нэмээд дээрээс нь хохироох хэрэг байна уу гэсэн байр сууринаас хандах хэрэгтэй болов уу. Цаазаар авах ял бол дундад зууны үед л авч хэрэгжүүлж байсан шийтгэх арга байгаа юм.

Монгол Улс цаазаар авах ялыг сэргээснээр эдийн засгийн хувьд сөрөг үр дагавартай. Олон улсын хэмжээнд нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хүлээсэн үүргээсээ няцаж байгаагаар ойлгогдох болно. Манай гол түнш болох Европын холбоо цаазаар авах ялын эсрэг байр суурьтай байдаг. Монгол Улс цаазаар авах ялыг эсэргүүцсэн учраас л  7200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх зөвшөөрлийг өгсөн шүү дээ. Мөн түүнээс гадна Европын холбооноос Монгол Улсад олгосон хөнгөлөлттэй зээл тусламжууд олон бий. Энэ бүхнийг бодолцож, тооцож үзэх ёстой байсан болов уу. Цаазын ялыг сэргээвэл хамгийн түрүүнд Европын холбооноос том сануулга ирнэ.

УИХ-ын 76 гишүүний тоог нэмэгдүүлж 100 болгоход “давхар дээл” улс төрийн хурц зэвсэг биш болж хувирна

-Парламентын засаглалтай орнууд “давхар дээл”-ийн асуудлыг хэрхэн шийддэг юм бол? 

-Германд Үндсэн хуулийн шүүх гэж байгууллага байна. Манайхаар бол Үндсэн хуулийн цэц. Энэ байгууллага Үндсэн хуулийн ямар нэг өөрчлөлт ороогүй асуудлаар Үндсэн хууль шийдвэрээ өөрчилдөггүй. Гэтэл манай Үндсэн хуулийн цэц пропорциональ тогтолцоотой. Үндсэн хуульд нийцэхгүй байна гээд өөрчилсөн мөртлөө, хэдэн жилийн дараа зөвшөөрчихдөг. Үүний нэг жишээ “давхар дээл”-ийн асуудал. Засгийн газрын гишүүдийн давхар дээл Германд улс төрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлдөггүй. Сүүлчийн парламент нь 630 гишүүнтэй, Засгийн газар нь 16 сайдтай, сайд нарын 14 нь давхар гишүүн байсан. Үүнээс гадна яамны дэд сайд-,парламентын Төрийн нарийн бичгийн дарга нар парламентын гишүүн байдаг зарчимтай. Парламентын засаглалтай Герман улсад давхар дээлийг бэрхшээл, зөрчил гэж үздэггүй. Манай улс УИХ-ын 76 гишүүний тоог нэмэгдүүлж 100 болгоход “давхар дээл” улс төрийн хурц зэвсэг биш болж хувирна. “Давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хуульдаа тодорхой зааж өгөх хэрэгтэй. Засгийн газрын гишүүдийн гурваны нэг нь эсвэл хагас нь УИХ-ын гишүүн байж болох тухай дээд хязгаарыг тогтоож, тодорхой зааж өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийн хэм хэмжээ тодорхой байх тусмаа Үндсэн хуулийн Цэцээс савлагаатай шийдвэрүүд гаргах боломж нь хумигддаг.

Түүнчлэн Үндсэн хуулийн шүүх гэж байгууллагад манайх шиг улс төрийн идэвхтэй иргэн шууд хандах боломжгүй байдаг. Энэ нь  аль нэг улс төрийн нам, аль нэг хүний захиалгаар төрөөр тоглох боломжгүй байдаг гэсэн үг. Үндсэн хуулийн шүүх нь нийслэлээсээ 700 км зайд байрладаг. Улс төрчид байнга ярьж, шүүгчидтэй уулзах боломж хомс байдаг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Хариуцлагатай , төлөвшсөн нам, улс төрчдөөс бүрдсэн хүчтэй УИХ-тай, тогтвортой шударга ажиллах Засгийн газартай, хууль ёсыг ягштал сахиулдаг Үндсэн хуулийн цэц, шүүхүүдтэй, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй ийм л Монгол Улсыг бүрдүүлж бий болгох хэрэгтэй. Ийм л зүйлийг энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүрдүүлэхийг хүсэж байна.

Эх сурвалж: Itoim.mn

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here