ЭМГЭНЭЛ



2026 оны 8-р сарын 8 | 10 цаг 49 минут
2
 
ЗАМБЫН БАТЖАРГАЛ (1945-2026)
Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Замбын Батжаргал нь 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Замбын Батжаргал нь 1945 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил сумын нутагт төрж, 1954-1964 онд Сагил сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургуульд суралцан 1964-1969 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербург хотын Ус, цаг уурын дээд сургуульд Цаг уурын инженерийн мэргэжил эзэмшиж, 1975-1978 онд Зөвлөлт Холбоот Улсад аспирантурт Тоо-физикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
 
Тэрбээр 1969 оноос эхлэн Ус, цаг уурын хүрээлэнд техникч, мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирал, 1980-1984 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутат, 1982-1987 онд Ус, цаг уурын албаны Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, 1987-1988 онд Байгаль хамгаалах яамны Мэдээлэл-Тооцооллын төвийн захирал, 1988-1990 онд Зөвлөлт Холбоот Улсын Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд байгаль орчны шинжээч, 1990-1992 онд Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайд, 1990-1996 онд Тахь нутагшуулах Үндэсний комиссын дарга, 1992-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 1996-2001 онд Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.
З.Батжаргал нь 1994-1998 онд Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2005-2011 онд Дэлхийн цаг уурын байгууллагаас Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Хойд Америк дахь олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, Дэлхийн цаг уурын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, тус байгууллагын Нью-Йорк дахь салбарын зөвлөх, 2000 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын Ерөнхийлөгч, 2000-2002 онд тус бага хурлын удирдах товчооны гишүүнээр тус тус ажиллаж байжээ.
 
Тэрбээр Япон Улсын Киото хот дахь Хүмүүнлэг ба Байгаль судлалын хүрээлэнд зочин профессор, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль орчны мэдээллийн төвд зөвлөх, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Монгол Улсаас сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөх багийн гишүүн, Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Монгол Улсын үндэсний зохицуулагч, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Зохион байгуулах хорооны дэргэдэх Ажлын албаны бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж ус, цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны асуудлаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэргийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
 
Тэрбээр Монгол Улсын байгаль орчин, ус, цаг уурын салбарын бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын удирдлага, хяналтын тогтолцооны суурийг тавьж, төлөвшүүлэн бэхжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүндтэй төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2013 онд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол, 2025 онд Төрийн шагнал хүртээсэн юм.
Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн Замбын Батжаргал Таны байгаль орчны салбарын хөгжилд зориулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com